EducationUSA Mongolia” боловсролын зөвлөгөөний төвийн урьдчилсан нээлт

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 2004 оноос хойш АНУ-ын ЭСЯ-тай хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус номын сан 2016 онд АНУ-ын ЭСЯ-наас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтаар боловсролын зөвлөгөөний төвийн үйл ажиллагааг явуулах албан ёсны эрхийг авсан бөгөөд өчигдөр “EducationUSA Mongolia” боловсролын зөвлөгөөний төвийн урьдчилсан нээлтийг хийжээ.

“EducationUSA” нь АНУ-ын Төрийн Департаментын дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн 170 гаруй орны 400 орчим боловсролын зөвлөгөөний төвийг нэгтгэсэн сүлжээ байгууллага юм байна. “EducationUSA Mongolia” нь Америкийн дээд боловсролын талаар үнэн бодит, цогц, сүүлийн үеийн мэдээллийг үнэ төлбөргүй түгээж ажиллах албан ёсны төв ажээ. Энэ хүрээнд тус төв Монголын оюутан залууст АНУ-ын 4000 гаруй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежуудаас өөрт тохирсон сургуулийг сонгон суралцахад нь туслах, АНУ-ын дээд боловсролын талаар зөв ойлголт, чиг баримжаа олгох, Америкийн их сургууль, коллежийн элсэлтийн тухай сүүлийн үеийн мэдээллийг хүргэх зэрэг олон үйлчилгээг үзүүлж ажиллах юм байна.

 

АНУ-ын Олон улсын боловсрол солилцооны хөтөлбөрийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд 2013-2014 оны хичээлийн жилд 1444, 2014-2015 оны хичээлийн жилд 1481 монгол оюутан залуус АНУ-д дээд боловсрол эзэмшихээр суралцсан байна. АНУ-д боловсрол эзэмших хүсэл зорилготой оюутан залуучуудын тоо өсч буйг дээрх судалгаа харуулж байгаа юм. Нөгөө талаас АНУ-ын дээд боловсролын талаархи албан ёсны мэдээ мэдээлэл, эх сурвалжийг тэдгээр залуучуудын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хүргэх шаардлагатай байгаа гэж үзжээ. Жилд дунджаар 15 мянга орчим оюутан залууст үйлчилгээ үзүүлдэг Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь энэхүү төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллуулахар болж байгаа нь энэ юм. Монголын оюутан залуусын хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах “EducationUSA Mongolia” төв нь Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээн дэх ажлын нэг хэсэг болж, хоёр орны боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаагаараа онцлогтой ажээ.